info@batkhuu.mn   +976 9999-4403

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын арга хэмжээнд хэлсэн үг

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 576

Монгол хүн мөнгөн хүлэг эзэмшин тэнгэрт дүүлж, сансарын уудамд аялсан бахархам түүхтэй нисэх хүчин хөгжлийнхөө 90 гаруй жилийн хугацаанд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлдэг, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон материаллаг баазтай, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бүхий, манай улсын гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг өндөр нэр хүндтэй томоохон салбар болсоныг онцлон тэмдэглэхэд  таатай байна.

Манай орны алс хязгаар Ховд аймагт анхны иргэний агаарын тээврийн нислэг хийснээс хойш 40 гаруй жилийн дараа 1999 онд Боинг 727 дунд оврын агаарын хөлгөөр анх нислэг гүйцэтгэсэн нь иргэний нисэхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд иргэний нисэхийн салбарын хамт олон та бүхний хийсэн бүтээсэн ажил, амжилтыг тоочиж баршгүй билээ.

 

Сүүлийн 20 гаруй жил хууль тогтоох, хэрэгжүүлэх, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр ажил төрлийн холбоотой ажиллаж байгаагийн хувьд иргэний нисэхийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилтаар бахархаж, хэдхэн тоо баримт хэлэхийг хүсч байна. Тээврийн салбарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэлсэн 1996 оны үед Монгол Улс 10 гаруй улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй, төрийн өмчийн нэг агаарын тээвэрлэгч 4 улсын 5 хот руу олон улсын нислэг гүйцэтгэдэг, агаарын тээврээр 270 гаруй мянган зорчигч тээвэрлэж, өнгөрөлтийн нислэгийн тоо жилд 11 мянга гаруйхан байв. Өнөөдрийн байдлаар 36 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй, агаарын тээврийн 10 компанитай, 7 улсын 11 хот руу нислэг гүйцэтгэдэг, агаарын тээврээр 1 сая орчим зорчигч тээвэрлэж, жилд 90 гаруй мянган нислэг манай орны нутаг дэвсгэр дээгүүр өнгөрдөг болжээ. Энэ хэдхэн тоо салбарын хөгжлийг тодорхойлох нэгээхэн хэсэг үзүүлэлт юм.

 

Тухайн үед  иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг боловсруулан батлуулах, багц дүрмүүдийг батлах, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулах, үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн паркийг шинэчлэх, өмчийн олон хэлбэрийг тус салбарт оруулж үйлчилгээний хүрээг тэлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт онцгой анхаарч ажилласан бөгөөд Монгол Улс зах зээлийн зарчимд шилжин орсоны дараах эдийн засгийн бэрхшээлтэй үед дэд бүтцийн салбаруудаас түлш, эрчим хүч, холбоо, иргэний агаарын тээврийн салбарт гадаадын зээл, тусламжийг тэргүүн ээлжинд авч тодорхой томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн нь өнөөдөр зорчигчдод тав тухтай, найдвартай үйлчилгээг үзүүлэх боломжийг олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Үүнд: Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх төсөл, Иргэний агаарын тээврийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Үндэсний агаарын навигацийг хөгжүүлэх төслүүдийг онцлон дурьдахыг хүсч байна.

 

Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын 16 хэлэлцээрийг байгуулахад биечлэн оролцож, гарын үсэг зурсан бөгөөд МИАТ компанид Эйрбас 310 онгоцыг 10 жилийн  хугацааны санхүүгийн түрээсээр авч, түрээс дууссаны дараа 1 ам.доллараар худалдан авсан, Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болгон нэрийг нь өөрчлөх асуудлыг санаачлан шийдвэрлүүлж байсныг эргэн дурсахад таатай байна.

 

Манай улс Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох дэлхийн 40 гаруй орны төр засгийн тэргүүнүүд, төлөөлөгчдөд хамгийн түрүүнд үйлчлэх хүмүүс бол та бүхэн юм. “Өөдлөх айл үүднээсээ” гэж монгол ардын зүйр үг байдаг. Манай улсад итгэл найдвар хүлээлгэн энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулах эрхийг олгосон Ази, Европын орнуудын төрийн тэргүүн нарын тэр итгэлийг хамтран хүлээж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн давцанд өндөрт өргөх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Монгол Улсын агаарын дархан хил, эх орныхоо цэлмэг тэнгэрийн харуул, батлан хамгаалах салбарт мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаа улсын нисэхийнхэндээ болон дэлхийн цээжин дэх Монгол Улсыг олон улсын харилцаа, нийгэм,  эдийн засгийн хөгжлийн тулгуур болгон хөгжүүлж байгаа Иргэний нисэхийн салбарын хамт олон та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

 

Та бүхний тэнгэр нь үргэлж цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай.

2016.05.27